Өвөрхангай аймаг бол Монгол Алтайн нуруу, дэлхийн цэвэр усны нэг хагалбар Хангайн уулсын зүүн төгсгөлд Монгол Улсын төв хэсэгт оршдог,
уламжлалт мал аж ахуйгаа хадгалан хөгжүүлж ирсэн дан халх үндэстнээс бүрдсэн, хангай, хээр тал, говь хосолсон, баян танасаг, өгөөмөр сайхан нутаг билээ. Төв Азид хүн анх суурьшсан ул мөр бүхий
Шаазан толгой, Арц Богдын суурин дархны газар, Хархорин сум орчмын Мойлтын ам, Орхон -7 палеолитын буудал-дарханы газар зэрэг бууц суурин, Монголд төдийгүй дэлхийд ховор арслан зааны дүрс зураг
бүхий Буга согоотын уул, гурвалсан морин тэрэг бүхий сүг зурагтай Богд сумын Тэвшийн уулын хадны зураг зэрэг эртний хүний амьдран сууж, аж төрж, өсч хөгжсөн дэлхийн хүн төрөлхтний удмын сангийн
үүслийн нэгэн төв түүхт газар нутаг бөлгөө. Алтай, хангайн завсар, Орхон, Онги, Таац голын сав энэ л нутагт 2220 жилийн тэртээх Хүннү гүрнээс эхлээд монгол үндэстний үе үеийн улс, гүрний хаад
ноёдын өргөө гэр, орд харш, нийслэл, хотуудаас авахуулаад Монголын эзэнт гүрний нийслэл Харахорум хот, Халхын бурханы шашны төв Эрдэнэ Зуу хийд, Баруун хүрээ байгуулагдсан түүхт Орхоны хөндий,
Шанх, Хубилай хааны "Сүрийг бадруулагч" цэргийн хот, дурсгалын пайлуур байсан Хөгшин Тээл, өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гал голомт Шар бүсийн хот байгуулагдсан Их Монгол уулын
өвөр Ширээ цагаан нуур, Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, дэлхийн сонгодог бүтээлд орох бүтээл туурвисан уран барималч, уран зураач, их номч Халхын анхдугаар богд
Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсэн Есөн зүйлийн хөндий, тэрбээр алдарт бүтээл Соёмбо үсэг, Ногоон Дарь эх бурхан, алдарт айлтгал Жанлав цогзлоо бүтээн туурвисан Төвхан хийд орших Шивээ
улаан уул зэрэг энергийн төв, ариун тагшин газруудтай билээ. Өнөөгийн Монгол Улсын төв цэг Бүрд сумын нутаг Сант уулын өвөр Өвөр хөшөөтийн булагт тохирч байгаа нь ч нэгийг өгүүлж байна.
1930 онд хуралдсан МАХН-ын VIII, Улсын VI их хурлуудын шийдвэрийн дагуу 13 аймгийг байгуулах болжээ. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны II сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын
тогтоолоор 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Цэцэрлэг мандал аймгийг татан буулгаж Өвөрхангай аймгийг эмхлэн байгуулан аймгийн захиргааны эхлэл болох түр хороог батлан, аймгийн
яамны даргаар Г.Ёндонг томилсон байна.
Өвөрхангай аймаг нь одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүх сум, Завхан, Архангай, Төв аймгийн зарим сумдыг нэгтгэсэн 31 сум, 913 баг, 19468
өрх, 76914 хүн амтай, 2,3 сая мал бүхий маш том аймаг болон хуучин Ламын гэгээний хүрээний дэргэд Баянзүрхэд анхлан байгуулагджээ. 1931 оны 6 дугаар сарын 20-нд Аймгийн анхдугаар их хурал,
аймгийн төв Түйн голд болж нам, засгийн цаг үеийн бодлого ардын ардчилсан хувьсгалын зорилтыг биелүүлэхэд аймгийн захиргаанаас хийж гүйцэтгэх үүргийг тодорхойлоод аймгийн захиргааг дөрвөн
хэлтэстэйгээр сонгон байгуулжээ. Ийнхүү 1931 онд Өвөрхангай аймаг яам, нам, эвлэл, үйлдвэрчний товчоо, шүүх, прокурор, дотоодыг хамгаалах газар, 7-р ангийн хэлтэс, хүн, мал эмнэлэг, сургууль,
банк, улсын худалдааны бааз, тээх нэвтрүүлэх газар зэрэг нутгийн захиргаа, улс төр, олон нийт, улсын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
1942 онд дээд газрын шийдвэрээр манай аймгаас 6 сум таслан Баянхонгор аймаг шинээр бие даан байгуулагдаж, Архангай аймгаас Бүрд, Шанх, Төв аймгаас
Дэлгэрхаан сумдыг манай аймагт нэгтгэн Зүүн Богд сумыг шинээр байгуулж Өвөрхангай аймаг 23 сум, 177 баг, 15000 өрх, 2.1 сая малтайгаар одоогийн бүтцэндээ үндсэндээ оров. 1946 онд Батхаан сумыг
Бүрд, Баян-Өндөр сумдаас таслан шинээр байгуулжээ. Хожим нь зарим сумдыг шинээр байгуулж, зармыг нь татан буулгаж, нэгтгэж байв.
ӨНӨӨДРИЙН ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
Аймгийн нийт нутаг дэвсгэр 63.5 мянган хавтгай дөрвөлжин км, хойноосоо урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км үргэлжилнэ. Улсын нийслэл
Улаанбатар хотоос 420 км зайд оршдог. Эдүгээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж 19 сум, 105 багтай, нутаг дэвсгэр нь хангай, тал хээр, говийн бүсэд хуваагдана. Аймгийн нийт нутгийн 23.0 хувь
нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд хамаарагддаг. Байгалийн үзэсгэлэнт газар, зам харилцаанд түшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохонд тооцогдох Хужирт суман дахь
амралт, рашаан сувиллын газар, Бүрд, Бат-Өлзий, Хархорин , Хужирт, Гучин-Ус суманд 28 гаруй жуулчны баазууд үйл ажиллагаа явуулж байна.
Хүн ам /2010 оны статистик мэдээгээр/
Өвөрхангай аймгийн суурин хүн амын тоо жилийн эцсийн байдлаар 112.1 мянга болж өмнөх оныхоос 0.1 хувь буюу 143 хүнээр өссөн байна.
Нийт хүн амын 49.6 хувь нь эрэгтэйчүүд, 50.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 100 эмэгтэйд 98 эрэгтэй ногдож байна. Аймгийн хүн амын хүйсийн харьцаа 49.6х 50.4 байна. Нийт хүн амын 64.4 хувь нь
залуу болон идэр насныхан, 29.5 хувь нь хүүхдүүд, 6.1 хувь нь хөгшид байна. Өрх 32.5 мянгад хүрч, өнгөрсөн оноос 0.3 хувь буюу 102 өрхөөр нэмэгджээ. Нийт өрхийн 22.6 хувь нь аймгийн төвд, 26.4
хувь нь сумын төвд, 51.0 хувь нь хөдөөд, нийт хүн амын 23.0 хувь нь аймгийн төвд, 26.6 хувь нь сумдын төвд, 50.4 хувь нь хөдөө суурьшсан байна.
Хүн амын ердийн хөдөлгөөн
Төрсөн 2714 хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэн, нас барсан 752 хүнийг иргэний бүртгэлээс хасч, 301 хос гэрлэлтээ бүртгүүлж, 72 гэр бүл
гэрлэлтийг цуцалж, 160 хүүхэд үрчлэгдсэн байна. Бүртгүүлсэн гэр бүлийн 68.4 хувь тайлант онд гэрлэжээ. Гэрлэсэн эрэгтэйчүүдийн 38.5 хувь нь 20-24 насныхан, 28.9 хувь нь 25-29 насныхан, 2.3 хувь
нь 18-19 насныхан эмэгтэйчүүдийн 42.5 хувь нь 20-24 насныхан, 7.6 хувь нь 18-19 насныхан байна. Нийт гэр бүл цуцлалтын 11.1 хувь 7-9 жил гэр бүл байсан, үрчлэлтийн 35.0 хувь 3 хүртэл насны хүүхэд
байна. ИБМА-ны мэдээгээр тайлант жилд 3785 хүн шилжин явж, 2076 хүн шилжин иржээ. Шилжин ирэгсдийн 66.4 хувийг аймаг дотроо сумаас суманд шилжигсэд, 33.6 хувийг УБ хот болон бусад аймгуудаас
шилжин ирэгсэд эзэлж байна. Шилжин явагсдын 61.0 хувь нь Улаанбаатар болон бусад аймаг руу шилжин явсан ба 73.4 хувь нь хөдөлмөрийн насны хүн байна.
Төсөв санхүү
Аймгийн төсөвт 4.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 105,7 хувьтай байгаа ба өнгөрсөн оноос орлого 10.3
хувиар нэмэгджээ.Татварын орлогын төлөвлөгөө 5,6 хувиар, татварын бус орлого 6,1 хувиар давж биелэсэн байна. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт 2,5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн
байна. Улс болон орон нутгийн төсвөөс 32.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсний 55.0 хувийг цалинд, 5.9 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 30.9 хувийг бараа үйлчилгээний зардалд, 4.4
хувийг татаас ба урсгал шилжүүлэгт, 3.8 хувийг хөрөнгийн зардалд зарцуулжээ. Санхүүжилтийн 19.2 хувийг орон нутгийн төсвийн санхүүжилт эзэлж байна.
Ажил эрхлэлт ба ажилгүйдэл
Аймгийн хүн амын 62.3 хувь буюу 69805 нь хөдөлмөрийн насны хүн байна.Үүний 47384 ажиллагсад, 2230 ХХҮХэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүд,
8323 нь бүртгэлгүй ажил эрхлээгүй хүн ам, 8029 нь суралцагсад , 3839 нь хөдөлмөрийн чадваргүй хүн ам байна. Ажиллагсадыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл : 64.8 хувь нь ХАА-н
салбарт, 9.4 хувь нь бөөний болон жижиглэн худалдаанд, 10.6 хувь нь төсөвт байгууллагад, 15.2 хувь нь бусад салбаруудад ажиллаж байна.Ажиллагсадын тоо өмнөх оныхоос 0.7 хувиар буурсан байна.
Сумдаас ирүүлсэн мэдээгээр хөдөлмөр эрхлэгч 515 хүүхэд байгаагийн 55.7 хувь нь ХАА-н салбарт, 26.0 хувь нь уул уурхайн салбарт, 18.3 хувь нь албан бус секторт хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний хэлтэст 2230 хүн ажил хайж бүртгүүлсний 51.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Бүртгүүлсэн ажилгүйчүүд өнгөрсөн онтой харьцуулахад 13.2 хувиар буурсан ба 32.9 хувь нь 25-34
насныхан, 26.5 хувь нь 35-44 насныхан, 28.3 хувь нь 16-24 насныхан, 12.3 хувь нь 45-60 насныхан , 49.7 хувь нь урьд нь ажил эрхэлж байсан, 50.3 хувь нь анх удаа ажил эрж байгаа хүмүүс байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 29.9 хувь нь бүрэн дунд, 14.5 хувь нь дээд, 31.3 хувь нь бүрэн бус дунд, 4.3 хувь нь тусгай дунд, 10.4 хувь нь мэргэжлийн анхан шатны, 8.3 хувь нь бага боловсролтой
байна. Энэ онд аймгийн хэмжээнд 1726 байнгын ажлын байр шинээр бий болсон байна. Ажлын байраар хангагдагсдын 8.7 хувь нь барилгад, 21.4 хувь нь хөдөө аж ахуйд, 7.2 хувь нь үйлдвэрлэлд, 15.0 хувь
нь зочид буудал зоогийн газарт, 13.5 хувь нь бөөний болон жижиглэн худалдаанд , 1.7 хувь нь тээвэр, холбоонд, 7.5 хувь нь уул уурхайд, 8.1 төсөвт байгууллага 8.0 хувь нь хувийн үйлчилгээ эрхлэх
чиглэлээр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд ажлын байртай болжээ.
Үнэ
2010 оны эцсийн байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын индекс 2009 оныхоос 13.6 хувиар, өмнөх 11 сартай
харьцуулахад 1.8 хувиар тус тус өссөн байна. Өрхийн хэрэглээний 40.0 гаруй хувийг эзэлдэг хүнсний барааны үнийн өсөлт нь үнийн ерөнхий өсөлтөд шууд нөлөөлдөг. 2010 онд хүнсний барааны бүлгийн
индекс өмнөх онтой харьцуулахад 28.4 хувиар, хувцас гутал бөс бараанд 4.2 хувиар, орон сууцанд 1.7 хувиар, гэр ахуйн бараанд 2.9 хувиар, эм тариа эмнэлгийн үйлчилгээнд 10.8 хувиар, соёл
боловсролын үйлчилгээнд 0.4 хувиар, бусад бараа үйлчилгээнд 0.2 хувиар нэмэгдсэн байна.
Банк, мөнгө, зээл
Иргэд, байгууллагын мөнгөн хадгаламж 24.2 тэрбум төгрөг болж аймгийн нэг хүнд дунджаар 215.7 мян. төгрөгийн, нэг хадгаламж
эзэмшигчид 707.0 мян. төгрөгийн хадгаламж ногдож байна. Өнгөрсөн оноос хадгаламж эзэмшигчийн тоо 23.4 хувиар, хадгаламж 29.1 хувиар өсчээ. Арилжааны банкуудын дүнгээр 22055 иргэд, аж ахуйн нэгжид
51.8 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оноос зээлдэгчдийн тоо 14.6 хувиар буурч, олгосон зээлийн хэмжээ 1.2 хувиар өсчээ.Оны эцэст зээлийн өрийн үлдэгдэл 36.1 тэрбум төгрөг байгаа ба
хугацаа хэтэрсэн зээл 0.4 хувь буюу 131.7 сая.төгрөг, чанаргүй зээл 3.2 хувь буюу 1.1 тэрбум.төгрөг байна. Банкуудын төгрөгийн хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6.0-8.4 хувь, хугацаатай
хадгаламжийн жилийн хүү 10.5-19.9 хувьтай байна.
Нийгмийн халамж, даатгал
Аймгийн дүнгээр давхардсан тоогоор 136.9 мянган хүнд 15.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. 2440 хүнд 1212.0 сая төгрөгийн
халамжийн тэтгэвэр, 2565 хүнд 598.5 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн тусламж дэмжлэг шаардлагатай 2159 хүнд 251.6 сая. төгрөгийн тэтгэмж, тусламж, 7360 ахмад настан болон
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 466.8 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, Хүний хөгжил сангаас 110764 хүнд 10.9 тэрбум төгрөг олгожээ. Нийгмийн даатгалын сангийн орлогод 17.2 тэрбум төгрөг төвлөрүүлж,
төлөвлөгөө 102.1 хувиар биелэн өнгөрсөн оноос сангийн нийт орлого 10.2 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сайн дурын орлого 102.3 хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 101.1 хувь,эрүүл
мэндийн даатгалын хураамж 126.4 хувь, тус тус биелжээ. Бүх төрлийн тэтгэвэр авагч 13358 хүнд 13.9 тэр.бум төгрөгийн тэтгэвэр, 2133 хүнд 565.3 сая.төгрөгийн тэтгэмж олгосон байна.
Боловсрол
2010-2011 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуулийн 757 бүлэгт 22.8 мянган хүүхэд суралцаж, 31 цэцэрлэгийн 112 бүлэгт 3.5 мянган
хүүхэд хүмүүжиж, эдгээрт 1331 багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Өнгөрсөн оноос суралцагсад 3.7 хувиар буурч, хүмүүжиж байгаа хүүхэд 11.2 хувиар өсч, багш сурган хүмүүжүүлэгч 0.7 хувиар
нэмэгджээ. 2009-2010 оны хичээлийн жилд 3675 хүүхэд 9, 11-р ангийг төгссөнөөс 63.2 хувь нь суурь боловсролыг, 36.8 хувь нь бүрэн дунд боловсролыг эзэмшсэн байна. СӨБоловсролд хамрагдвал зохих
хүүхдийн (2-5 насны) 73,7 хувь нь хамрагдсан байна.
Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд 2752 эх амаржиж , 712 хүн нас барж, өнгөрсөн оноос төрөлт 6.5 хувиар буурч, нас баралт 6.6 хувиар нэмэгдсэн байна. Нас баралтын
10.9 хувийг нялхсын нас баралт эзэлж байгаа ба энэ нь өнгөрсөн оноос 14.7 хувиар өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт 24.5 , нас баралт 6.4 байна. Халдварт өвчнөөр өвчилсөн 1054 тохиолдол гарсан
нь өнгөрсөн оноос 5.8 хувиар өссөн байна. Нийт өвчлөлтийн 35.3 хувийг халдварт шар, 8.3 хувийг сүрьеэ, 12.7 хувийг заг хүйтнээр өвчлөгсөд эзэлж байна.
Хөдөө аж ахуй
2010 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр малын тоо 2010.6 мянган толгойд хүрч 1609.6 мян.толгойгоор буурсан дотор тэмээ 14.7 мянга,
адуу 113.8 мянга, үхэр 76.2 мянга, хонь 896.6 мянга, ямаа 909.2 мянга болж, тэмээ 465 толгойгоор, адуу 69619 толгойгоор, үхэр 64823 толгой, хонь 794818 толгойгоор, ямаа 679893 толгойгоор тус тус
буурсан байна. Малтай өрх 17974, үүнээс нь малчин өрх 15536 байна. Эдгээр өрхийн тоо 2009 оныхоос малтай өрх 9.6 хувиар, малчин өрх 7.8 хувиар тус тус буурсан байна. Аймгийн нэг малтай өрхөд
111.9 нэг малчин өрхөд 129.4 толгой мал ноогдож байна. 1000 ба түүнээс дээш малтай 82 өрх байгаа нь өмнөх оныхоос 63.1 хувиар буурсан байна. Оны эхний малын 153.3 мянган толгой малыг зах зээлд
худалдан борлуулж, 215.3 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэж, 159.9 мянган толгой малыг бусдад шилжүүлсэн байна. Нийт 933.3 мянган хээлтэгч мал тоологдсон нь нийт малын 46.4 хувийг эзэлж ,
өнгөрсөн оноос хээлтэгчийн тоо 34.9 хувиар буюу 500.9 мянган толгойгоор буурч нийт малд эзлэх хувийн жин 1.0 пунктээр өссөн байна. 16913 толгой хээлтүүлэгчийн 61.3 хувийг хуц, ухна эзэлж байна.
Нэг хээлтүүлэгчид 23 ингэ , 6 гүү, 29 үнээ, 75 эм хонь, 94 эм ямаа ногдож байгаа нь үржлийн нормт хэмжээнээс ингэ, гүү доогуур, эм хонь, эм ямаа нормын түвшинд байна. Аж ахуй нэгж байгууллагууд
2128 толгой мал тоолуулсан байна. Цэвэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 232.2 мян. мал тоологдсоны 8.4 хувь буюу 19478 нь цэвэр үүлдэр, 91.6 хувь буюу 212696 нь эрлийз үүлдрийн мал байна. Аймгийн
дүнгээр 113 гахай, 1 илжиг, 1511 тахиа тоологдсон байна Оны эхний төллөх эх малын 41.2 хувь буюу 575.8 мянган эх мал төллөж гарсан төлийн 51.6 хувь буюу 298.1 мянган төлийг бойжуулсан байна. Оны
эхний нийт малын 46.0 хувь буюу 1664338 толгой мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оноос 12 дахин өссөн байна. Нийт хорогдлын 90.4 хувийг бог мал эзэлж байна. Хорогдсон малын 0.2 хувь буюу 2616
нь өвчнөөр хорогдсон байна. Аймгийн хэмжээнд энэ онд шинээр 59 худаг гаргаж, 60 худаг засварласан байна. Аймгийн дүнгээр хаврын тариалалтаар 1716.7 га-д үр тариа, 281.2 га-д төмс, 142.2 га-д
хүнсний ногоо тариалж, намрын ургац хураалтаар 1396.7 га-аас 1088.5 тн үр тариа , 280.9 га-аас 2655 тн төмс , 139.2 га-аас 1458.5 тн хүнсний ногоо хураан авчээ. Өнгөрсөн оноос үр тариа 386.5
тн-оор , төмс 263.0 тн-оор , хүнсний ногоо 12.1 тн-оор тус тус өссөн байна. Аж ахуйн нэгж, иргэд 31346.1 тн хадлан, 5330.2 тн гар тэжээл бэлтгэжээ.
Тээвэр, холбоо
Тээврийн байгууллагууд 28.3 мянган тн ачаа тээвэрлэн, 11.3 мян.тн/км-ийн ачаа эргэлт, 163.2 мянган зорчигч тээвэрлэн, 41.8 мян. хүн/км-ийн
зорчигч эргэлт хийж, тээврийн үйлчилгээнээс 1329.1 сая.төгрөгийн орлоготой ажиллажээ.Өнгөрсөн оноос орлого 38.2 хувиар нэмэгдсэн байна. Зорчигч тээврийн үйлчилгээнд 8 автобус, 138 микроавтобус,
49 такси гарч тэдгээрт 34 хүн ажилласан байна. Холбооны байгууллагууд 280.3 сая. төгрөгийн орлоготой ажилласны 20.0 хувийг хүн амын үйлчилгээний орлого эзэлж байна.Өнгөрсөн оноос нийт орлого 6.0
хувиар буюу 18.0 сая.төгрөгөөр буурчээ. Интернетээр үйлчлүүлэгчдийн тоо 5843 болж өнгөрсөн оныхоос 12.5 хувиар өссөн ба 89.0 сая.төгрөгийн орлоготой ажилласан байна. Аймгийн хэмжээнд үүрэн
телефон хэрэглэгчдийн тоо 52.1 мянга болж өнгөрсөн оныхоос 18.3 хувиар өссөн байна.